Би сэтгэж байгаа учир оршин байдаг. Декарт

2011-12-10 - Ээзгийтэй цай

Ангилал: Миний ертөнцөөр

Цас хялмаалан орж байна. Гадаа хүйтэн байгаа бололтой. Харин миний гэрт дулаахан сайхан байна. Сэтгэл зүрх минь ч мөн хайраар бялхаж би үнэхээр аз жаргалтай хүн гэдгээ мэдэрч байна.  Ээжийнхээ чанасан цайнд ээзгий, ааруулаа хийгээд хамтдаа цайгаа уух юутай жаргалтай... Хойморт залрах бурхад минь бидний амьдралыг тэгшилж байдаг гэдэгт эжий та минь итгэдэг шиг миний бурхан ээж та минь охиныхоо амьдралыг гэрэлтүүлж байдаг шүү. Олоон жилийн өмнө.... Сумын төвийн 8 жилийн сургуульд.... Хагас сайн өдөр бүр хичээл тархыг яаран яаран хүлээж яаав хэмээх улаан мотоциклын ард сундлан суугаад бригадын төв дээр байх гэрлүгээ явдагсан. Өдөр хичээлээ тараад явах гэсээр байтал минь шөнө болчихно. Энд тэнд янз бүрийн гэрэл гараад чөтгөр хэмээх үл үзэгдэх амьтнаас үхтлээ айна. Айсандаа булчирхайгаа цочтол хөлөө хавчдаг байж билээ. За тэгээд гэртээ ирэхэд ч мөн сайхандаа. Ээж маань  түмбүүчик, сирвантандаа  гоё юм хадгалана. Намар оройхон үнээ ширгэчихээр сүү олддоггүй байсан ч юмуу хар ч гэсэн будаатай цай чанаад бас л ээзгий ааруул, цагаан тоосоо хийгээд л уудагсан. Би багын л их цайнд дуртай хүүхэд байсан гэдэг. Хамрын хөлсөө бурзайлгаж байгаад л данхтай цайгаа зайлаад л (Сүхбаатар хэллэг) ууж гарна даа. Бага байхад сайн муу, сайхан муухайг ялгалгүй бор гэртээ хатан мэт заларч бурхан шиг л амьдарсан.   Харин оюутан болоод үзэл бодол минь өөрчлөгдөж өөрт оногдсон хувь заяагаа голж,  бургилуулан уудаг будаатай цайндаа ч дургүй болсон. Хөөрхөн охидуудын хөөрхөн байдаг нууц нь будаатай цай биш буцалсан ус уудагт, мах биш цагаан будаа иддэгт, үнэтэй гоё ганган хувцас хэрэглэл гээд хотын соёлд дулдуйтан дурлав.  Ингэж бий гэдэг хүн олдмол мөн чанараа хөгжүүлж олон жилийг ардаа үлдээлээ. Юу олсон юм, юу хожсон юм бүү мэд нэг мэдэхнээ л жарын талыг насалдаг байна шүү. Харин өнөөдөр энэ насны өндөрлөгт ирээд Хурдан том болох юмсан гэсэн хүсэл мөрөөдөл минь цаг хугацааг ухрааж хүүхэд насандаа очих юмсан гэсэн хүслээр, буцалсан ус уугаад хөөрхөн сайхан болох хүсэл минь ээзгийтэй цайгаа уугаад ээжтэйгээ л хамт байх хүслээр солигдож угийн мөн чанартаа очвоо би.  Дуучин Долгорын дуулсан Дэнжийн ногоо соёолоход тандаа л очих гэж яардагсан Дээлтэй бурхан эжийдээ үнсүүлж яаараад буцдагсан Өөжин алаг хорвоод өнөд оршихгүйг мэдсэн бол Өрөмтэй цайг нь уугаад өнжөөд явах минь ч яав даа Гэдэг дууны үгийг өнөөдөр л би ойлгож цаг хугацаа өдөр бүрийг эжий тантайгаа ээзгийтэй цайгаа уугаад эрхэлж өнгөрөөхийг хүсэх боллоо ээжээ...
2011 оны 10 сарын 11-нд бичсэн тэмдэглэлээс

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

2012-04-11 -

Бичсэн: Энхээ (зочин)

Сайхан дурсамжууд сэргэчихлээ.. Амжилт шүү эгчээ..

Шууд холбоос


Бичлэг: 2 » Нийт: 33
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax